монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Дэд сайд Миллер Монголын тэтгэлгийн оюутнуудыг дэмжих талаар ярилцлаа

Прага хот, 2024 оны 3-р сарын 14 – Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны дэд сайд Ярослав Миллер Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Эрдэнэцогтын Одбаяр тэргүүтэй Монголын төлөөлөгчидтэй уулзаж Чехийн их, дээд сургуульд монголын тэтгэлгийн оюутнуудыг сургахад  цаашид дэмжлэг үзүүлэх талаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн хүрээнд өнгөрсөн жилээс шалгарсан эхний найман тэтгэлэг горилогч Чехийн техникийн их сургуульд суралцаж эхэлсэн.
 

“Бид Монгол Улстай боловсролын салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж байна, есдүгээр сараас дахин 22 оюутан монголын тэтгэлгээр манайд суралцаж эхэлнэ. Монголын тал өөрсдийн авьяаслаг оюутнуудыг сургах орнуудын нэгээр Чехийг сонгосонд бид баяртай байна” хэмээн дэд  сайд Миллер хэллээ. Бүгд Найрамдах Чех улс дэлхийн хамгийн олон монголчуудтай орнуудын нэгэнд  багтаж байгаа бөгөөд чехэд Европын холбооны орнуудаас хамгийн олон нийт 12 600 гаруй монголчууд оршин сууж байгаа. Цэцэрлэгээс их дээд сургууль хүртэлх Чехийн сургуулиудад нийт 1932 монгол хүүхэд, сурагч, оюутан сурч боловсорч байгаа бүртгэл байдаг байна.

2022 онд Монгол Улсын Засгийн газраас залуу авьяастнуудыг дэмжиж  сонгогдсон улс орнуудад чанартай дээд боловсрол эзэмшүүлэх боломжоор хангах тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Чехээс гадна АНУ, Канад, Польш улсууд үүнд багтаж буй. Цаашид Чех улс руу жилдээ 30-60 тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг эхний ээлжинд Монголд нэг жил хэлний бэлтгэл, дараа нь Чехэд нэг жил чех хэлний курс, дараа нь гурван жил бакалаврын сургалтанд чех хэлээр тэндхийн их, дээд сургуулиудад  түлхүү технологийн чиглэлээр суралцуулах төлөвлөгөөтэй байна.

Туршилтын хамтын ажиллагаа энэ хичээлийн жилээс Чехийн техникийн их сургуульд  найман монгол тэтгэлэгт оюутан англи хэл дээр суралцаж байгаагаар эхэлсэн.  Энэ оны есдүгээр сараас эхлэн Монголоос 22 тэтгэлгийн оюутан Карлын их сургуулийн Хэл, мэргэжлийн сургалтын хүрээлэнд чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах ёстой.

Өнгөрсөн жилээс МУИС-д чех хэлний хичээлийг мөн сэргээсэн бөгөөд одоогоор Чех багш  30 оюутанд хичээл зааж байна. Бүгд Найрамдах Чех Улс Монгол Улстай судалгааны чиглэлээр бас хамтарч ажилладаг. Ттухайлбал:  Превальскийн адууг байгальд нь эргүүлэн нутагшуулах төсөлд чехийн эрдэмтэд Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран оролцдог.